Нийгмийн хариуцлага

Сентеррагоулд Монголия компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш сум орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсаар ирлээ. Тус компани нь орон нутагт нийт 5 сая ам.долларын өртөгтэй 160 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Үүнд Баянгол суманд 4 тэрбум, Мандал суманд 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  

 

Орон нутагт ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зэрэг сум орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Сум хөгжүүлэх санг 2004 онд байгуулсан. Тус сангийн хөрөнгөөр Баянгол суманд Засаг даргын Тамгын газрын барилга, дунд сургуулийн дотуур байрны их засвар, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нөхөн сэргээх сувилал барих, тоноглох, орон сууцны барилга, Хараа багийн ЗДТГ-ын барилга зэрэг томоохон барилгын ажлуудыг гүйцэтгэснээс гадна залуу гэр бүлүүд болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор бичил зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэв.

Мандал суманд Билэг дунд сургуулийн өргөтгөл, инженерийн шугам сүлжээний засвар, сумын эмнэлэгт сүрьеэгийн тасаг байгуулах, 3 багт үйлчилгээний төв барих, 2 тосгонд цагдаагийн хэсэг байгуулах, 500 хүний суудалтай соёлын төвийн их засвар, усан бассейн бүхий спорт цогцолбор, бүрэн тоноглогдсон зам барилгын анги байгуулах, мөн Хэрх, Түнхэл тосгонд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэв. Сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр тус тосгонд соёл, спорт, захиргааны цогцолбор барьж, сургуулийн цайны газрын өргөтгөл, хүүхдийн цэцэрлэгийн засвар, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төмөр замын доогуур явган хүний гарц барилаа. Мөн “Оёдлын цехүүдийг дэмжих”, “Үндэсний хөгжмийн зэмсэг урлах цехүүдийг дэмжих”, “Хамгаалагдсан хүнсний ногоо” төслүүдийг хэрэгжүүлж, төв гудамжны гэрэлтүүлэг, зам барилга, эмнэлэг, сургууль, цагдаагийн газар болон олон нийтийн үйлчилгээний бусад байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллажээ. 

Тус компани нь үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутаг төдийгүй үндэсний хэмжээний төслүүдийг ч санхүүжүүлж ирсэн.  26 мянган ам. долларын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер, эрүүл мэндийн сургалтын төв, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн барилгын засвар, Төв аймгийн Борнуур сумын дунд сургуулийн дотуур байрны дээврийг шинэчлэхэд 12 сая төгрөгийн санхүүжилт тус тус хийжээ. Түүнчлэн байгаль хамгаалах “Монголын тул” сангийн “Олон гол, Эг-Үүрийн сав газрын экосистемийг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах тогтолцоо” төсөл, биологийн төрөл зүйлийг нөхөн сэргээх төсөл болох тарвага нутагшуулах ажлыг Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжүүллээ. Үүнээс гадна Монгол Улсад болон олон улсад зохиогддог спортын арга хэмжээнүүдэд оролцох Монголын баг, тамирчдыг ивээн тэтгэж байна.