Бороо Гоулд ХХК Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Бороо Гоулд ХХК Сэлэнгэ аймгийн Мандал сумтай байгуулж буй хамтын ажиллагааны гэрээнд сумын Засаг дарга Н.Лхагвадорж болон Бороо Гоулд компанийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 
Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу хамтын ажиллагааны гэрээг ийнхүү хоёр дахь удаагаа байгуулж байна. Энэ гэрээ нь цаашид талуудын баримтлах зарчим, нөхцлийг тодорхойлсон баримт бичиг болох бөгөөд тус компани сумын дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр 40 сая төгрөгийн санхүүжилт олгох юм. 
Анхны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус компани Мандал сумын доторх Зүүнхараа политехник коллежийн уулзвараас хойш Засаг даргын тамгын газар хүртэлх хатуу хучилттай замын ажлын гүйцэтгэлд 30 сая төгрөгийн санхүүжилт олгож байлаа. Өнгөрөгч 2018 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бороо Гоулд компани Мандал суманд орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах  төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ шинэлэг арга барилаар ажиллаж ирлээ. Өөрөөр хэлбэл компани, сум орон нутгийн төлөөлөл бүхий Хамтын ажиллагааны хороо төсөл, хөтөлбөрийг сонгох, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хийж байна. 
Нийгмийн хариуцлагын хүрээнд тус компани байгуулагдсан цагаасаа хойш сум орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд зориулан Мандал суманд 4.4 тэрбум төгрөг, Баянгол суманд 4 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймагт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулжээ.