Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хамтран ажиллах боломж бий.

Орон нутагт оруулж буй олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтын талаар харилцан мэдээлэл авах, үйл ажиллагаатай нь танилцах, улмаар цаашид хамтран ажиллах боломж бий эсэхийг судлах үүднээс Бороо Гоулд компани Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суман дахь олон улсын хандивлагч байгууллагуудын дунд уулзалт зохион байгуулав.

Бороо Гоулд компанийн Мандал суман дахь мэдээллийн төвд болсон дээрх уулзалтад Global Communities, Зүүнхараа Дэлхийн зөн, АDRA, Мандал Улаан загалмай зэрэг олон улсын байгууллага оролцов.

Уулзалтын үеэр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг бүлэг, хоршоо, өрхүүд хэд хэдэн төсөлд давхар хамрагдсан нь төслүүдийг нэг талаар үр дүнгүй болгодог тухай онцоллоо. Иймд орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс зарим үйл ажиллагааг хамтран зохион байгуулах боломжтой аж. АDRA олон улсын байгууллагын төлөөлөл Г.Гантулга “Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт болсон үерийн аюулын үеэр бусад байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн баг бүрдүүлж, тусламжуудыг давхцуулалгүйгээр олгож чадсан. Түүн шиг Мандал суманд тусламж үзүүлэхдээ мөн тийм хүмүүнлэгийн баг бүрдүүлэх саналтай байна” хэмээн ярилаа.